Амьдрал /Р Чойном/

Амьдрал гэдэг
Аугаа их юм
Аугаа их юм мөртөө бас өчүүхэн юм
Амьдралыг хүмүүс
Ажиглахдаа
Амсахдаа
Авахдаа
Улсын их дэлгүүрт орж байгаа юм шиг
Уран зургийн музей сонирхож байгаа юм шиг
Ундааны газар ууж байгаа юм шиг
Уншлагын танхимд сууж байгаа юм шиг
Өөр өөрийнхөөрөө өнгөрөөх юм
Амь аминыхаараа амтлах юм.
Амьдрал гэгчид үргэлж л өгч явдаг хүн байх юм
Амьдралд зүггүй хүүхэд шиг хандаж тас алгадуулаад
Ахиад л бас мартаж дахиад л бас алгадуулсаар
Зовлон жаргал хоёрыг ялгахаа байчихсан
Золбин нохой шиг хүн ч байх юм

Амьдралыг айлын жаал бүсгүй шиг
Өдөр болгон мэхлэх гээд
Өвгөртлөө өөд нараа харалгүй
Өнгөрөх хүн ч байх юм
Амьдралыг аманд маань өөрөө ирж
Амтатныг хийж өгөх байх гэж
Алцайж хэвтсээр арчаагүй ядрахын туйлд хүрээд
Ахиад сэхэж, сэрвийж чадахгүй
Тэртээ ёроолд нь хорхой мэт өнгөрдөг хүн ч байх юм
Хүн ер нь амьдралыг
Хүчээр захирсан нь үгүй захирагдсан нь олон бий
Жаргалтай өдрөө амьдралыг ерөөсөөр
Зүдрэлтэй өдрөө амьдралыг хараасаар
Зүхэж зарим нь тангараг тасарсаар
Зүтгэж зарим нь найзалж зэрэгцсээр
Өөрийгөө эцэст нь
Өгч төгсдөг байна
Харин би эцэст нь биш эхэнд нь
Хар толгойгоо амьдрал танаа тушаасан билээ.
Усы нь ууж, талхы нь идсэн энэ нийгмээ
Улс Монголоо, төр засгаа ард олноо
Би муулахгүй!
Бишгүй жаргасан цэнгэсэн танхайрсан!
Бусдын эдэлдэггүйг эдэлж иддэггүйг идээгүй ч гэсэн
Бусдын эдэлдгийг эдэлж иддэгийг идлээ
Бусдын явсан газраар явж олсныг оллоо
Бусдын яваагүй газраар ч явлаа
Олоогүйг ч оллоо
Одоо боллоо!
Бас зовж үзлээ
Багаасаа ядарч, дутаж, гутаж үзлээ
Харин гунихарч үзсэнгүй
Хаа ч очиж сэтгэлээр унаж няцаж явсангүй
Харсан зорьсон итгэснээсээ
Хазайж ухарч байсангүй
Гэтэл гэргий ёсолж аваагүй
Гэргийдээ үйтэнхуар өмсгөөгүй
Гэртээ хивс олж тавиагүй хүнийг
Амьдарч үзээгүй хүн гэдэг юм бол
Аргагүй би амьдарч үзсэнгүй
Гээд би харамсахгүй
Гэр маань хоршооонд
Гэргий маань төрхөмдөө намайг хүлээж байгаа биз
Би өөрөө
Бичгийн ширээнд сууж байна

Дээр нь бэхний цоохортой
Дэргэд нь архины толботой үзэг, будаг, хутга
Өнцөг дээр нь ном бичиг цаас
Өрөөстэй энэ ширээ
Өөдтэй залуу явахад минь
Өнгөтэй үзэмжтэй эхнэр минь байлаа
Өсөхөөс өтлөх насанд минь
Өргөө гэр
Өмч хөрөнгө
Өндөр их хаан ширээ минь болсоор ирлээ
Энэ ширээн дээр би дуулж ч суулаа
Энэ ширээн дээр би уйлж ч суулаа
Энэ ширээн дээр би шүлэг хэрхэн бүтэхийг мэдэхгүй хөвүүн ирж байлаа
Энэ ширээн дээр би шүлэггүй хэрхэн амьдрахыг мэдэхгүй өвгөн буцна аа
Эр ганцхан нас минь
Энэн дээр ургаж
Энэн дээр унах ганцхан жаргал байна
Эцэс хойчийн хүн төрөлхтнийг
Энэн дээрээ урих
Энэн дээрээ ярих
Гавьяа мөн байна
Тааруухан хүн энд
Таван үг ойлголцохоосоо
Тамхины иш овоололцоод өгсөн ч юмгүй авсан ч юмгүй гардаг юм
Таарамжгүй шиг хүүхнийг ч бас
Татаж үзээд, түлхэж нэг үзээд
Тамхины иш шиг энэ л ширээнээс үүд рүү нясалж суулаа.
Амьдарч би үзээгүй байж болно. Гэвч
Амьдралыг би үзлээ.
Амслаа. Харин
Авсангүй, өглөө.
Амьдралд минь уртаашаа энэ бичгийн ширээ минь байлаа!

Comments

Popular posts from this blog

Ижийтэйгээ байхад би баян байсан./Б.Лхагвасүрэн/

Р.Чойном /Залуу нас/